Эхлэл - Эдийн засаг - Төсөв, Хэрэглээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 2 сарын 20

Ноос, ноолуурын салбарт үйлдвэрлэл нэмэгдсэн ч экспорт буурчээ

Хивс үйлдвэрлэл өсөлт муутай байна
Ноос, ноолуурын салбарын бүтээгдэхүүн тэр дундаа хивс, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэсэн таатай мэдээллийг салбарынхан нь өгч байна. Гэвч энэхүү өсөлт нь ойрын дөрвөн жилийн үзүүлэлтээр тооцвол харьцангуй тогтмол байгаа билээ. 2008 онд компаниуд жилд 856.5 мянган ширхэг хивс үйлдвэрлэж байсан бол 2010 онд 731 мянгыг үйлдвэрлэж зах зээл нь буурчээ. Тэгвэл өнгөрсөн онд салбарын үйлдвэрлэлийн хэмжээнд хивсэн бүтээгдэхүүний тоо 850 гаруй мянгад хүрсэн байна. Энэ нь өсөлт боловч өнгөрсөн дөрвөн жилийн дундажтай харьцуулахад хангалтгүй өсөлт юм. Тэгвэл сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл энэ онд 759 мянга орчимд хүрч 2008 оныхоос 210 орчим мянгаар нэмэгдсэн байна. Гэвч 2011 оны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх 2010 оныхоосоо дөнгөж 20 орчим мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байлаа. Нөгөөтэйгүүр ноос ноолуурын салбарын үйлдвэрлэл ийм бага хэмжээний өсөлттэй байхад экспорт харьцангуй хурдацтай буурч байгааг статистик харуулж байна.

Экспорт огцом буурч байна
Хонины самнаагүй ноосны экспорт 2008 онд 9000 гаруй тоннд хүрч байсан бол өнгөрсөн онд 6000 орчим болж буурсан байна. Мөн бохир ноолуурын экспорт 2009 онд 3500 орчим тонн байсан бол өнгөрсөн онд 2700 орчмоор хэмжигдэж байв. Мөн самнасан ноолуурын хэмжээ эрс буурсан нь манай улсын боловсруулах үйлдвэрийн салбар эрчимтэй унаж байгааг харуулж буй нэг үзүүлэлт болж байна. Өнгөрсөн 2008 онд манай улсаас жилд1500 орчим тонн самнасан ноолуур экспортолсон бол өнгөрсөн онд 470 орчимд хүрч огцом буурчээ.
 
Т.Есөн-Эрдэнэ

Мэдээний линк: http://economy.time.mn/content/7529.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...