Эхлэл - Эдийн засаг - Дэлхий эдийн засаг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 10 сарын 8

AПЕК-т элсэх алхам нэгээр урагшиллаа

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын сайд нарын уулзалт өнгөрсөн долоо хоногт Индонезийн Балид өндөрлөж өнөөдрөөс төрийн тэргүүн нарын уулзалт эхэлж байна.

Сайд нарын уулзалтад Монгол Улсын гадаад харилцааны сайд Л.Болд тусгай зочноор уригдан оролцсон нь тус улсыг АПЕК-т гишүүнээр элсүүлэх ажилд бодитой ахиц гаргасан чухал үйл явдал боллоо гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Тухайлбал Индонезийн өдөр тутмын Жакарта Пост сонинд АПЕК-ын энэ оны даргалагч улс Индонезийн Гадаад харилцааны  сайд Марти Наталегава "МонголУлс АПЕК-ын гишүүнээр элсэх болзлыг бүрэн хангаад зогсохгүй тус бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулж чадна" хэмээн мэдэгдснийг дамжуулжээ. Мөн Хятадын Синхуа агентлаг “Монгол АПЕК-ын 22 дахь гишүүн болохын төлөө үйл ажиллагаагаа эрчимжүүллээ” гэсэн байна.

Гадаад харилцааны сайд Л.Болд Индонезийн сайдтай хийсэн албан ёсны уулзалтынхаа зэрэгцээ Япон, Канад, Австрали, ШинэЗеланд, Папуа ШинэГвиней улсуудын гадаад харилцааны болон худалдааны сайд нар, ОХУ, БНХАУ-ын гадаад харилцааны дэд сайд нартай уулзлаа. Эдгээр орны төлөөлөгчид Монгол Улсыг АПЕК-т гишүүнээр элсүүлэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байв. АПЕК нь нийт 21 гишүүнтэй, тэдгээрийн нийтийн зөвшилцлөөр гишүүн элсүүлэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд  1998 оноос хойш шинэ гишүүн элсүүлээгүй байгаа юм. Тус байгууллагад гишүүнээр элсэхийн төлөө одоогоор 10 гаруй улс эрчимтэй ажиллаж буй боловч зөвхөн Монгол Улс дээд түвшний уулзалтад уригдан оролцоод байгаа нь энэ билээ.

Б.Бат




Мэдээний линк: http://economy.time.mn/content/35682.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...